НийгэмОнцлох

Илүү гэгээлэг нийгмийн төлөө…

“Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна” гэж Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан байдаг. Цагаан цаасан дээр хараар бичсэн хүний эрхийн тунхаглалыг амьдралд хэрэгжүүлж, хүн бүрд тэгш эрх, тэгш боломж байдгийг сануулдаг хүмүүс бол хүний эрхийн хамгаалагчид.

Эх орны хаа нэгтээ хэн нэгний эрхийг хамгаалан халуун сэтгэл өвөртлөн явдаг эгэл даруухан хүний эрхийн хамгаалагчид олон бий. Дамдинсүрэнгийн Бүжин тэдний нэг. Цахилгааны инженер, физикийн багш мэргэжилтэй ч иргэний нийгмийг байгуулахад эрэгтэй эмэгтэй хүн бүр тэгш эрхтэй байж, эрхээ мэддэг шигээ эрхээ хамгаалахын төлөө тэмцэх ёстой гэдгийг сануулсан иргэний нийгмийн идэвхийлэн зүтгэгч.

Зах зээлийн нийгэмд шилжсэн ороо бусгаа цаг үед олон хүний эрх ашиг хөндөгдсөний дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байлаа. Энэ л үед Дорнод аймагтаа Хүүхдийн халамж үйлчилгээний “Гэрэлт” төвийг байгуулсан нь бусдын төлөө, илүү сайхан нийгмийн төлөө зүтгэх зүтгэлийнх нь дөнгөж эхлэл нь байжээ. Тус төвийг арван зургаан жилийн турш ажиллуулах  хугацаанд 365 хүүхдийг амьдрах байр, аюулгүй орчноор хангахын зэрэгцээ нийгэмд хөлөө олоход нь туслажээ. Тэр л үед өөрөөрөө хамгийн ихээр бахархаж, талархаж суусан тэрээр одоо ч орон нутагтаа иргэний нийгмийн хяналтыг тавьж, хүний эрх зөрчигдөхөөс сэргийлэхэд анхаарч ажилласаар байна.

Д.Бүжин: Нийгэмд ажилгүйдэл, ядуурал, хүчирхийлэл зэрэг сөрөг үзэгдлүүд нэмэгдэхэд хамгийн их өртдөг нь хүүхэд, эмэгтэйчүүд. Тиймээс эмэгтэйчүүдийн эрхийг хангуулахад хүн бүрийн оролцоо чухал” гэж хэлсэн юм.

Эмэгтэй хүн зарим нэг талаараа нийгмийн олон дайралтад өртөж эрхээ хязгаарлуулдаг. Хүйсийн хэвшмэл ойлголтоос болж сонгох, сонгогдох, үзэл бодлоо илэрхийлэх, халдашгүй чөлөөтэй байх, хууль зүйн туслалцаа авах, төрийг удирдах хэрэгт оролцох гэх мэт эрхүүд нь зөрчигдсөөр.

Эмэгтэйчүүдийн эрх гэдэг нь хүний эрхээс тусдаа зүйл биш бөгөөд хүний эрхийг тэгш эдлэх боломжоор хангах тухай ойлголт юм.

Д.Бүжин Дорнод аймагт орон нутгийн болоод Олон Улсын байгууллагын тусламж дэмжлэгтэйгээр хэрэгжсэн олон төсөл хөтөлбөрт зохицуулагч, ахлагчаар ажиллажээ. Тухайлбал НҮБ-ын “ДОХ-ын эсрэг сургалт сурталчилгаа”, “Авлигын эсрэг хамтдаа”, Монголын Нээлттэй Нийгэм хүрээлэнгийн “Жендерийн байдал ба нөлөөлөл”, Азийн сангийн “Худалдан авах ажиллагааны мониторинг”-ийн төсөл, Дэлхийн банкны санхүүжилтаар хэрэгжүүлсэн “Нийгмийн эгэх хариуцлагын төслүүд”, Монголын эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгээр хэрэгжүүлсэн “Орон нутгийн эмэгтэйчүүдийн нөхцөл байдлын үнэлгээ” болон “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн эрсдэлийг бууруулахад эмэгтэйчүүдийн  оролцоо, нөлөөлөл”  төсөл зэрэг гар бие оролцсон ажлууд нь уртаас урт хөвөрнө.

Баргийн эмэгтэй хүн сонгохооргүй цахилгааны инженер мэргэжил эзэмшсэн нь түүний зоримог, эхэлсэн ажлаа дуусгадаг цуцашгүй зантай нь холбоотой. Эмэгтэйчүүдийн эрхийн асуудал түүний хувьд онцгой чухал асуудлын нэг. Эмэгтэй хүн гэж ялгалгүй хүн гэж харьцах, ялангуяа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн үзэл бодол, дуу хоолойг сонсох хэрэгтэй гэдгийг иргэний нийгмийн төлөөлөгчийн хувиар ямагт тунхагласаар ирсэн. 1992 оноос хойш Либерал эмэгтэйчүүдийн Оюун сангийн гишүүн, 2014 онд Дорнод аймгийн Иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлийн даргаар сонгогдсоноосоо хойш иргэний нийгмийг байгуулахад ялангуяа эмэгтэйчүүдийн манлайллыг бий болгоход удирдан чиглүүлж, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын гүүр нь болж ажилладаг, нэг үгээр Бүжин “даргагүй” илтгэл, хэлэлцүүлэг, арга хэмжээ гэж нэгээхэн ч үгүй. Хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэж иргэний нийгмийг хөгжүүлэх, жендерийн эрх тэгш байдлыг хангах, жендерт суурилсан хүчирхийллийг бууруулахын төлөө хийсэн ажил нь түүний ажил амьдралынх нь нэрийн хуудас болжээ.

Хүний эрхийн хамгаалагчид үйл ажиллагаа явуулсныхаа төлөө дарамт шахалт амсах нь бий. Авилгын эсрэг гэмт хэргийн судалгаа мониторингийн ажилд зарим төрийн байгууллагууд мэдээллээ гаргаж өгөхгүй байх, хамтарч ажиллахгүй цааргалах зэрэг асуудлууд ч тулгардаг байна. Гэсэн ч хамгийн хэцүү нь нэгэнт тогтсон хэвшмэл  ойлголт, хандлагыг өөрчлөх байсан хэмээн ярьж байлаа. Гэхдээ энэ хандлага жилээс жилд багасаж төрийн байгууллагын зүгээс Иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааг ойлгож, илүү өргөн хүрээнд хамтран ажиллаж байгаа нь түүний олон жилийн тууштай зүтгэлийнх нь үр дүн юм.

Д.Бүжингийн орон нутагт эхлүүлсэн иргэний нийгмийн байгууллагын нөлөөллийн ажлууд тодорхой үр дүнд хүрч орон нутгийн хэмжээнд хүний эрхийг хамгаалах талаар ахиц дэвшил гарч байгаа боловч зарим асуудлууд нийгмийн тулгамдсан асуудлууд хэвээр үлдэж тодорхой шийдвэр, гарц гаргалгаа хүлээсээр байна. Тухайлбал  Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, Гэр бүлийн хүчирхийлэл, Ажлын байрны бэлгийн дарамт, Охидын жирэмслэлт болон үр хөндөлт зэрэг олон асуудлыг дурдаж болно.

“Төр Олон Улсын гэрээ конвенцэд нэгдэн орсон үүргээ биелүүлж эдгээр асуудлыг шийдвэрлэх ёстой. Учир нь төрийн үүрэг бол хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх явдал юм. Төрийн байгууллага бүх шатандаа энэ үүргээ жигд биелүүлж ажиллавал дээрх асуудлууд тодорхой хэмжээгээр шийдвэрлэж чадна. Цаг үеэ дагаад эрсдэлт нөхцөлд ажиллаж байгаа хүний эрхийг хамгаалагчдад бие махбодын болоод сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх шаардлага зүй ёсоор тулгарсан.  Хүний эрхийн зөрчлийг эсэргүүцэж үг хэлсэн, хүний эрхийг хамгаалах аливаа үйл ажиллагаанд оролцсон төрийн албаны ажилтнуудыг айлган сүрдүүлэх, дарамт үзүүлэх, сахилгын арга хэмжээ авах эсвэл тэдний ажлын байртай холбоотой бусад дарамт шахалт ч үүсдэг. Төрийн байгууллага гэлтгүй нийгэмд үүсээд байгаа авлига, хээл хахууль, зөрчлийг нийтийн эрх ашгийн төлөө илчилдэг шүгэл үлээгчдийн ач холбогдлыг илүү ихээр үнэлэх хэрэгтэй. Хүний эрх хамгаалагчдын эрх зүйн орчин хангалттай бүрдэж, хэрэгжилтийг хангаж чадвал нийгэм дэх хүний эрхийн зөрчлүүд буурах боломжтой юм” хэмээн хүний эрхийн асуудалд баримталдаг өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.  

Саад бэрхшээл тулгардаг ч гэсэн “Илүү сайхан гэгээлэг нийгмийн төлөө цохилох зүрхтэй байхад болно доо” гэсэн дэврүүн хүслээр жигүүрлэн урагш алхдаг тэдэн шиг хүмүүсийн итгэл дундаршгүй.

Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа гэж үг байдаг. Энэ үг магадгүй маш олон сайн дурын ажилтнуудын сэтгэлдээ сийлсэн бас бусдад хэлэхийг хүсдэг үг нь байх.

Б.Билгүүн

Ю.Ариунзаяа

Back to top button