Онцлох

ДОРНОД АЙМГИЙН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дорнод аймгийн Прокурорын газраас санаачлан Шүүх, Прокурор болон хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт, шүүн таслах ажиллагаа болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад анхаарах асуудлууд” сэдвээр тус аймгийн Цагдаагийн газрын хурлын танхимд зохион байгуулж, хамтарсан зөвлөгөөнийг аймгийн ерөнхий прокурор Н.Доржсүрэн удирдан явууллаа.

Зөвлөгөөнд аймгийн Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүх шинжилгээний алба болон Тагнуулын албан тушаалтнууд зэрэг нийт  43 хуульчид оролцсон бөгөөд аймгийн ерөнхий прокурор Н.Доржсүрэн “Прокурорын байгууллагын бодлого чиглэл, 2021 оны хяналтын ажлын чанар үр дүн, анхаарах асуудал, 2022 онд хяналтын ажлын чиглэлээр дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийн явц үр дүнг”-ийн талаар болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чанар, үр дүн, цаашид авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээ, анхаарах асуудлын талаар мэдээлэл, бусад байгууллагын удирдлагууд байгууллагынхаа үйл ажиллагааны талаар товч мэдээллийг хийж, зөвлөгөөнөөр шийдвэрлүүлэх саналаа танилцуулж оролцов. 

Мөн аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Энхцэцэг Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх хүрээнд Улсын Дээд Шүүхээс өгсөн ажлын чиглэл, мөрдөгч, прокурор, шүүгч нараас эрүүгийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад гарч буй хууль хэрэглээний ойлголтын зөрүүтэй асуудлыг хэрхэн ойлгож хэрэгжүүлэх, эрүүгийн хэргийг шүүхээс шүүн таслах ажиллагааны практикийн талаар мэдээлэл өгч, зөвлөгөөнд оролцогчдын дунд санал, асуулга өрнүүлэн, зарим хууль хэрэглээний ойлголтын зөрүүтэй асуудлуудад анхан шатны ерөнхий шүүгч, аймгийн ерөнхий прокурор нарын зүгээс тодорхой хариулт өгөх байдлаар оролцсон нь зөвлөгөөнийг ач холбогдолтой болгосон байна.

Зөвлөгөөнөөр аймгийн хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгийн нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхэд гарч буй алдаа зөрчил, хууль хэрэглээний зөрүүтэй ойлголт, олон үйлдэлтэй, олон холбогдогчтой эрүүгийн хэргүүдийг шалгаж шийдвэрлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргахад тулгарч буй хууль хэрэглээний зөрүүтэй ойлголтуудыг хэрхэн ойлгож, зөв хэрэглэх асуудлууд болон прокурор, мөрдөгч нараас эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад анхаарах асуудлын талаар зөвлөгөөнд оролцогч нараас гаргасан санал, шүүмжлэл нээлттэй хэлэлцүүлэн зарим тодорхой асуудлуудыг газар дээр нь харилцан ярилцаж нэгдсэн ойлголтод хүрэх, зөвлөгөөнөөр шийдвэрлэх боломжгүй асуудлуудыг тэмдэглэлд тусган авч, оролцогч нарт эргэн мэдээлэх хэлбэрээр зөвлөгөөнийг зохион байгуулав.

Зөвлөгөөнөөс хууль хяналтын байгууллагуудын өдөр тутмын ажлын уялдаа холбоог сайжруулах, хууль тогтоомж, заавар, журмыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтарсан сургалтуудыг тогтмол зохион байгуулах, Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газраас харьяа нэгжүүдэд ирүүлсэн ажлын чиглэлийн талаар цаг тухай бүр нь харилцан мэдээлэл солилцож ажиллах замаар эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, эрүүгийн болон зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чанар үр дүнг дээшлүүлэх талаар нэгдсэн шийдвэрт хүрч, зөвлөгөөнөөс үндсэн 5 асуудлаар хамтарсан шийдвэр гарган, өдөр тутмын үйл ажиллагаандаа нэг мөр ойлгож, хэрэгжүүлэн ажиллахаар “Зөвлөмж” гаргахаар болсон байна.

ДОРНОД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Санал болгож буй...
Close
Back to top button