НийгэмОнцлох

БУЯН ҮЙЛДЭГЧ ХЭМЭЭХ УСАН БАР ЖИЛИЙН ШИНИЙН ГУРВАН ЦАГ ТООЛОЛД БИЧИГДЭЭГҮЙ БАЙНА

17-р жарны буян үйлдэгч хэмээх усан бар жилийн уламжлалт сар шинийн баярын  бүтүүний өдөр 2-р сарын 1-ны өдөр тохиож байна. Энэ жилийн хувьд шинийн 3-н тохиохгүй шинийн 7-н 2 өдөр дараалж байна. Энэ нь 4 жилд 1 удаа 366 хоног тохиодогтой адил хэвийн үзэгдэл гэдгийг ДАНРИГ ДАНЖААЛАН ХИЙДИЙН ДА ЛАМ ЖАМЪЯНСҮРЭН хэлж байна.

-Өдөр тасарч, давхарлан, илүү сар гардаг нь дараах од зүйн утгатай. Монгол цаглабарыг зохиохдоо хоногийг дэлхийн эргэх хөдөлгөөний хугацаа 29,53 хоногоор, жилийг нарны жилийг сартай уялдуулан нарны 76 жил нь сарны 940 сартай ойролцоогоор тэнцүү буюу 365,2422*76=27758,7 ба 29,5306*940=27758,4 болохыг харгалзан 353, 354, 355, 383, 384, 385 хоногтойгоор авч мөн Бархасбадь гарагийн нарыг тойрох хугацаа 12(11,862) жил, Санчир 30(29, 458)  жил болохыг харгалзсан ажээ.

Сарны доторх хоногуудыг хооронд нь ялган тоолоход тэнгэрийн эрхсүүдийн хөдөлгөөнийг ашиглахаас өөр тохиолдол байхгүй тул ургах, шингэх хугацаа болон арвидал, хомстол нь мэдэгдэхүйц ялгаатай байдаг эрхэс нь сар юм. Нарны ургах, шингэх цагийн зөрүү нь хоногт 1-3 минутаас хэтрэхгүй ба үзэгдэх байдлын ялгааг энгийн нүдээр бүү хэл орчин цагийн дуран авиагаар ялгахад ч нэн төвөгтэй юм.

Иймд монгол тоололд сарын доторх өдрүүдийг тогтоохдоо юуны урьд сарны хоёр гол байрлалыг үндэс болгон авчээ. Энэ нь нар, сар, дэлхий гурав нэг хавтгайд (эклиптикт перпендикулар) дээр орших тэр байрлал буюу сарын төгсгөл битүүн(сар огт харагдахгүй), сарын дунд буюу 15(сар тэргэл байх) болно.

Дээр өгүүлснээр сарны сар бүхэл бус 29,53 хоног тул тэргэл, битүүн хоёрыг гол болгон тухайн сарыг хувааж түүндээ зохицуулан өдрийг таслах буюу давхарлан тохиолдуулдаг байна. Ингэхдээ сарны тэнгэрийн мандал дахь хөдөлгөөнийг харгалзан тооцоолж гүйцэтгэдэг юм.

Сарны тэнгэрийн мандлыг тодорхой хуваасан үл хөдлөх одны гэртэй харьцуулан тухайн тохиолдолд сар аль гэрт багтаж байгаагаар нь хоногийг тодорхойлдог ба зарим тохиолдолд сар нэг одны гэрт хоногийн туршид багтаж байрлах нь буй бөгөөд энэ үед өдөр давхарлах, сар одны гэрийг туулж өнгөрч амжих тохиолдолд өдрийн хасах үйлдлийг хийдэг байна.

Энэхүү арга нь орчин үеийн аргатай хэрхэн нийцэж буй эсэхийн гол шалгуур нь нар, сарны хиртэх үзэгдлүүд юм. 1747-2046 онуудад нар, сарны бүтэн ба хагас хиртэлт нийтдээ 1433 удаа тохиосон буюу тохиох бөгөөд эдгээр нь бүгд монгол тооллын 30, 15-нд таарч байгааг харьцуулсан судалгаа харуулж байна. Үүнээс өөр аргачлал бүхий дорнын орнуудад энэ үзэгдлийг голлон авдаггүйгээс манайхтай эдгээр өдрүүд нь нэг хоногоор зөрөх нь бий.

Санал болгож буй...
Close
Back to top button