НийгэмОнцлохУлс төр

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ

Эрхэм хүндэт Дорнодчууд Та бүхэндээ Шинэ оны, Шинэ жилийн эхний өдрийн мэндчилгээг өргөн дэвшүүлье.Айлчлан ирсэн 2022 оны эхний өдөр бага зэрэг цас орсон, жиндүү байгаа хэдий ч сайхан нартай байна. Уламжлалын дагуу Шинэ оны эхний өдрийн Морин цагт ажил дээрээ ирж, Төрийн сүлдэндээ ажил үйлсээ даатгалаа.

Улиран одсон 2021 он Монгол оронд төдийгүй дэлхий нийтэд Ковид-19 цар тахал дэгдсэн хүндхэн он байсан бөгөөд дэлхийн 2-р дайнаас хойш хүн төрөлхтөнд тохиолдсон хамгийн том гамшиг бол энэхүү халдварт цар тахал байлаа.Бид байгаль эх дэлхий, зэрлэг амьтдаа хамгаалах ёстойг, Монголчууд өөрсдөө хүнс, жимс ногоо, өргөн хэрэглээний бараагаа болон барилгын материалаа өөрсдөө үйлдвэрлэх ёстойг, хилийн боомтуудаа шинэчлэн өргөтгөх учиртайг, төмөр зам, авто замын сүлжээгээ эрчимтэй өргөтгөх, нийтээрээ цахим технологийг хэрэглээндээ нэвтрүүлэхийн ач холбогдлыг сайтар ойлгож авлаа.Энэхүү цар тахлын зэрэгцээ Монгол Улсад болон манай аймагт малын гоц халдварт өвчин дэгдэж, хавсарсан гамшиг нүүрэлсэнтэй бид хамтдаа тэмцэж даван туулж байна.Хүн эмнэлэг, мал эмнэлгийн салбарын бэлэн байдал, боловсон хүчний хүрэлцээ, цалин хөлс, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, орчин нөхцөл, зарим төрийн байгууллагын хүний нөөц, чадавхи, хариуцлагын байдалд нийтээрээ дүн тавьсан он байлаа.Цаашдаа төрийн албыг цомхон ухаалаг болгож, ёс зүйтэй бөгөөд хамгийн ур чадвар өндөртэй нь ажиллах хэмжээний цалинг тогтоох, иргэдээ бүх талаар дэмжихийн зэрэгцээ хүүхэд наснаас нь эхлэн хариуцлагатай байх, зөв зан үйлтэй байх талаар өргөн хүрээний зорилт дэвшүүлж, нийтээрээ түүний төлөө хичээн зүтгэх хэрэгтэй байна.

Шинэ оны эхний өдрийн байдлаар Дорнод аймаг маань Ковид-19 цар тахлын гамшгийн Шар түвшинд шилжээд байна. Малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчлөлийн хувьд ногоон түвшинд шилжиж, малын шүлхий өвчлөлийг бүрэн хяналтанд аваад байна.Хэдий цар тахал нүүрэлсэн он байсан ч иргэд маань хөдөлмөрлөсөөр, аж ахуйн нэгжүүд маань ажилласаар аймгийн хэмжээнд Улсын төсвийн орлого 124,1 хувиар, аймгийн төсвийн орлого 112,2 хувиар, сумын төсөв 130,1 хувиар давж биелэн, төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын болон бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөлөө.Хүн эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг, сургууль, дотуур байр, спорт заалууд шинээр баригдаж, их засвар хийгдэж, явган зам, автозам, гэрэлтүүлэг, камержуулалт, цахилгаан эрчим хүч, дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ, холбоо харилцааны шугам сүлжээг шинээр байгуулах, өргөтгөх ажлууд хийгдлээ.

Шинэ онд манай аймагт Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар түүхэндээ хамгийн өндөр буюу 100,0 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ.Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хийгдэх хөрөнгө оруулалтын ажлууд:

1. Чойбалсан хотоос Хавирга боомт чиглэлийн 124 км хатуу хучилттай автозам

2. Баян-Уул сумаас Ульхан боомт чиглэлийн 60 км хатуу хучилттай автозам

3. Чойбалсан хотод шинээр баригдах 1800 айлын орон сууцны хотхоны инжежнерийн шугам сүлжээ

4. Чойбалсан хотын Залуус хорооллын 1,0 км хатуу хучилттай автозам

5. Чойбалсан хотоос Дашбалбар сумын чиглэлийн Цахилгаан дамжуулах агаарын шугам

6. Улз голын төмөр бетон гүүр

7. Чойбалсан хотод Үр тариа хадгалах элеватор

8. Аймгийн төвийн 11-р багт Хүүхдийн цэцэрлэг, 1-р сургуулийн Бага сургуулийн Спорт заал

9. Баяндун суманд Урлаг заал бүхий Бага сургууль

10. Баян-Уул суманд 160 хүүхдийн Дотуур байр

11. Аймгийн төвийн 2,3-р багт Өрхийн Эрүүл мэндийн төвийн барилга

12. Булган суманд Эхийн амрах байр

13. Матад сумын нутаг дахь Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт 19-р талбай орчимд Бага сургуулийн барилга

14. Гурванзагал, Чулуунхороот сум тус бүрт нэн шаардлагатай мэргэжлээр ажиллаж буй төрийн албан хаагч нарт зориулсан 6-8 айлын орон сууц

15. Аймгийн төвийн Илч, Хүлэмж хороолол, Мянгат хороолол, Агын гудамж, Ялалт, Хивсний хороололд хатуу хучилттай автозам шинээр барих

16. Чойбалсан хотын цэвэр усны шугам сүлжээг иж бүрэн шинэчлэх ТЭЗҮ, зураг төсвийг боловсруулах, Хот дотор болон сум хоорондын нийтийн тээврийг ухаалаг болгох судалгаа хийж ирэх оноос хэрэгжүүлэх бэлтгэл хангах

17. Чойбалсан хотын хог хаягдлыг зайлуулах менежментийг шинэчилж, хариуцсан байгууллагын бүтцийг өөрчлөн, хүчин чадлыг эрс нэмэгдүүлж байгаа бөгөөд хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах үйлдвэр, цех байгуулж, хувийн хэвшилтэй хамтран ажиллана.

18. Чойбалсан хотын хороолол, эгнээ бүрийг иж бүрэн гэрэлтүүлэгтэй, камержуулалттай болгох ажил 2022-2023 онуудад хэрэгжиж дуусна

19. Аймгийн төвийн 4,10, 11-р багийн нутаг дэвсгэрт үерийн болон борооны ус зайлуулах систем байгуулах

20. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж ургуулах, үр суулгац бэлтгэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх

21. Эрүүл мэнд ,хүүхдийн боловсрол, урлаг, соёл, спортыг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх

22. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд шаардлагатай цахилгаан эрчим хүч, зам холбоо харилцааны дэд бүтцийг барьж байгуулах зэрэг Мөн Улс, орон нутаг, Олон Улсын төсөл хөтөлбөр болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар үргэлжлэн хийгдэх ажлууд:

1. Дулааны цахилгаан станцыг 50 МВт-аар өргөтгөх

2. Хүүхдийн эмнэлгийн цогцолбор

3. Усан бассейн бүхий спорт цогцолбор

4. Нийгмийн Эрүүл мэндийн төвийн барилга, Хүүхдийн цэцэрлэг, Сургууль

5. БХГ-т 21-р талбайгаас Баянхошуу боомт чиглэлийн, Чойбалсан хотоос Дашбалбар сум чиглэлийн авто зам

6. Халхгол, Баяндун сумын Нисэх онгоцны буудал

7. Шинэ усан сан төсөл, Нийтийн орон сууцны дээврийн их засвар, гадна дулаалга

Back to top button